“Цагаан дэл” уулын  боомтыг нээлгэхгүй гэсэн иргэдэд Г.Занданшатар худал хэлж чадахгүй гэв

Уржигдар Ерөнхий сайд Г.Занданшатарыг Өмнөговь аймгийн Даланзадгадад иргэдтэй уулзах үеэр асуулт асуусан ихэнх иргэд Цагаандэлийн хилийн боомтыг нээхгүй байхыг шаардаж байсан.

Ерөнхий сайд “Энэ асуудлыг хоёр улсын Засгийн газар хоорондын гэрээ болон Улсын Их Хурал хууль баталж шийдсэн асуудал. Би энэ асуудлыг та бүхний талд шийдвэрлэнэ гэж худал хэлэхгүй. Гэхдээ байгаль орчин болон нутгийн иргэдэд ээлтэй байдлаар хэрхэн зохицуулж болох талаар хамтарч ажиллая.  Нутгийн иргэдийн төлөөллийг заавал багтаасан ажлын хэсэг байгуулж, байгаль орчны нарийвчилсан үнэлгээг дахин хийлгэе” хэмээсэн.

Нэр бүхий компани Монгол Улсын дархан хилийн зурвас газарт дураар авирлан газрын хэвлийг сэндийчиж, хил хамгаалах байгууллага тухайн асуудлыг үл тоомсорлож байгаа тухай иргэд гомдоллов.

Уг асуудлыг шалгуулахаар Ерөнхий сайд АТГ, ЦЕГ, ТЕГ-ын хамтарсан ажлын хэсгийг урд хилийн бүсэд ажиллуулахаар болов. Иргэдийн энэхүү мэдээлэл баримтаар нотлогдсон тохиолдолд ажил хариуцсан албан тушаалтанд хатуу хариуцлага тооцно гэж Ерөнхий сайд Г.Занданшатар мэдэгдлээ.

Энэхүү Цагаандэлийн боомтыг байгуулахаар 2014 онд шийдвэрлэжээ. 2019 онд БНХАУ-ын ӨМӨЗО-ны Алшаа аймаг уг боомтыг барьж байгуулах зардлыг бүрэн хариуцахаар гэрээ хийж байсан аж. Харин Өмнөнговь аймгийн иргэд энэхүү Цагаандэлийн боомтыг байгуулах асуудлыг байнга эсэргүүцэж ирсэн. Эсэргүүцэл нь ч үндэстэй. Өмнөговь аймагт хоёр ч боомт ажилладаг ч нийгмийн асуудал орхигдсон. Үүнээс гадна говийн эмзэг экосистемд ч хор хөнөөлтэй болохыг судлаачид тогтоосон байдаг. Иргэдийн шаардлага үндэстэй учраас өмнөх Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 2022 онд боомтын ажлыг түдгэлзүүлж байсан байдаг. Харин Г.Занданшатар Ерөнхий сайдын үед боомт нээх асуудал дахин хүчээ авч эхэлсэн учраас ийнхүү иргэдийн эсэргүүцэл дүрэлзэх болжээ.

Холбоотой мэдээ

© 2026 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. gereg.mn